Өчигдөр буюу Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хийн экспортын төлбөрийг зөвхөн рублиэр авах захирамж гаргажээ.
Шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Уг шийдвэр байгалийн хийн хэрэглээнийхээ гуравны нэгээс илүү хэсгийг Оросоос импортолдог Европын орнуудад том асуудал үүсгэж байна.
Украины хямралтай холбоотойгоор Өрнөдийн орнуудын тавьсан эдийн засгийн хоригийн улмаас ОХУ гадаад валютын нөөцийнхөө ихэнх хэсгийг битүүмжлүүлээд байгаа.
Москвагийн эрх баригчдын хувьд авч чадах хамгийн хүчтэй хариу арга хэмжээ нь эрчим хүчний импортын хөшүүрэг юм.
Путин өчигдөр хэлсэн үгэндээ “Гадаадын худалдан авагчид Оросын банканд рублийн данс нээх ёстой. Маргаашаас эхлэн байгалийн хийн төлбөр уг данснаас нь хийгдэнэ” гэжээ.
“Хэрвээ ингэж төлөөгүй бол худалдан авагчийг бид төлбөрийн чадваргүй болсон гэж үзээд дараах арга хэмжээнүүдийг авах болно. Хэн ч юуг ч бидэнд үнэгүй зардаггүй. Бид ч гэсэн буяны ажил хийхгүй. Өөрөөр хэлбэл одоо үйлчилж буй гэрээнүүд хүчингүй болно” гэж Путин хэлсэн байна.
Европын Холбоо болон Их Долоогийн бүлгийн орнууд өмнө нь байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх боломжгүйгээ мэдэгдэж байв.
Хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа рублийн ханш түүхэн доод хэмжээндээ хүртэл унаж байсан юм. Харин одоо бараг буцаж сэргээд байгаа.
Европын ихэнх орнууд ОХУ-ын байгалийн хийн төлбөрийг еврогоор гүйцэтгэдэг.
Европчууд одоо Оросын байгалийн хийн хамаарлаас салах арга зам хайж байгаа. АНУ саяхан шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр болсон ч Оросын нийлүүлэлтийг нөхөх хэмжээнд хүрэхгүй юм.
Герман улсын эдийн засгийн сайд Роберт Хабек “Бид Путиний сүрдүүлэгт автахгүй гэдгээ харуулах нь хамгаас чухал болоод байна. Европ тив үүнээс болоод хуваагдах ёсгүй” гэж мэдэгджээ.
Франц улсын эдийн засгийн сайд Бруно Ле Мейр өчигдөр хэлэхдээ Франц, Герман улсууд Оросын хийн нийлүүлэлт зогссон тохиолдолд яах талаар бэлтгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Украины хямрал Европ тивд байгалийн хийн үнийг хөөрөгдөөд байгаа. Путиний мэдэгдлийн дараа Их Британи, Нидерландад хийн үнэ тус бүр 4 ба 5 хувиар өсжээ.
Европын ихэнх худалдан авагчид төлбөрөө урьдчилан төлсөн байгаа тул Путиний шийдвэрийн нөлөө дөрөвдүгээр сарын дундаас хойш мэдрэгдэж эхэлнэ гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters