Өчигдөр болсон ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр тус улсын ерөнхийлөгч Владимир Путин гадаадын сайн дурын дайчдыг Украинд илгээх санал гаргасан байна.

Ойрх Дорнодод 16,000 орчим сайн дурынхан Оросын зэвсэгт хүчинтэй цуг Украинд байлдахад бэлэн байгааг энэ үеэр батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ерөнхийлөгчдөө дуулгажээ. Эдгээр нь голдуу Сирийн иргэд байх магадлалтай байна.

Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмийг Москвагийн эрх баригчид олон жил дэмжиж байгаа.

“Мөнгөний төлөө биш, өөрийн хүслээр Донбассын ард иргэдэд туслахыг хүсэж байгаа хүмүүс байвал тэднийг хүссэн зүйлээр нь хангаж, мөргөлдөөний бүсэд хүргэх хэрэгтэй” гэж Путин батлан хамгаалахын сайддаа хэлжээ.

Энэ үеэр Шойгу олзолж авсан Өрнөдийн танк эсэргүүцэх зэвсгүүдийг Луганск, Донецкийн салан тусгаарлагчдад шилжүүлж өгөх санал гаргасныг нь Путин дэмжсэн байна.

Путиний мэдэгдлийн дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

“Хэрвээ Ассадын дэглэм Украин руу цэрэг илгээхээр шийдсэн бол тэд огт таньж мэдэхгүй газар оронд их бууны сумны бай болохоос хэтрэхгүй шүү” хэмээн тэр анхааруулсан байна.

Одоогоор Сири улсад сайн дурынхан элсүүлж байгаа тухай мэдээлэл ирээгүй байгааг Зеленский бас нэмж хэлжээ.

Украины талд байлдах олон улсын сайн дурынхны тоо мөн 16,000 хүрээд байгааг Зеленский өмнө нь мэдэгдэж байсан юм.

Саяхан АНУ-ын албаны эх сурвалж Wall Street Journal сэтгүүлд ярихдаа хот доторх тулаанд мэргэшсэн сайн дурынхныг Сириэс элсүүлэх боломжийг Москвагийн эрх баригчид судалж эхэлсэн тухай мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC