Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ болон яамны төлөөлөл энэ сарын 7-11-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчилж буй. Айлчлалын үеэр төлөөлөгчид Москва дахь Олон улсын бараа, түүхий эдийн биржид зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.  

Монгол Улсын Засгийн газраас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай” хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан талууд тус биржийн арилжааны дүрэм, хууль эрх зүйн орчин, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд биржээр арилжаа хийхийн давуу тал, мөн бирж дээр нүүрсний зах зээлийг бий болгох, түүний үйл ажиллагааг нь хөтлөн явуулах, барааны биржийн арилжааг зохион байгуулах түүхий эдийн зах зээлийн үйл ажиллагааны чиглэлээр туршлага солилцох болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Уулзалтаар биржийн Ерөнхийлөгч Алексей Рыбников тэргүүтэй бүрэлдэхүүн биржийн цахим платформын үйл ажиллагааг зочдод танилцуулж, уулзалт болох мөчид явагдаж байсан арилжааны явцыг сонирхууллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Бидний сонирхсон асуудлуудыг үр дүнтэй хэлэлцэж, ярилцсанд талархаж байгаагаа илэрхийлээд, ОХУ-ын түүхий эдийн биржийг хөгжүүлэх арвин туршлага бидэнд дэм болно гэдэгт итгэлтэй байна. Монголын тал туршлага солилцохын зэрэгцээ биржийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх сонирхолтой байгаа бөгөөд Та бүхэн дэмжлэг үзүүлж, иж бүрэн хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Санкт-Петербургийн Олон улсын бараа, түүхий эдийн биржийн Ерөнхийлөгч Алексей Рыбников: “Бид биржийн арилжаа хөтлөн явуулах, зах зээлийн үнэ тогтоох, шударга тогтолцоо бүрдүүлэх, бараа бүтээгдэхүүний биржийн бус арилжааг бүртгэх чиглэлээр олж авсан мэдлэг, туршлагаа монгол нөхөдтэйгээ хуваалцахад бэлэн байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд тус дөхөм болно гэдэгт итгэж байна” гэв.

Тус бирж нь 2008 онд байгуулагдсан ба ОХУ-ын хамгийн том бараа бүтээгдэхүүний бирж бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн, газрын тос, байгалийн хий, шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хий, мод, барилгын материал, эрдэс бордооны зах зээл, түүнчлэн уламжлалт зах зээл /срочный рынок/ дээрх арилжааг зохион байгуулдаг байна. Мөн бараа бүтээгдэхүүний шударга үнэ тогтоох, ил тод механизмыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэн ажилладаг.

Эх сурвалж: УУХҮЯ