Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа эрэгтэйчүүдтэй холбоотой зарим мэдээллийг танилцуулсныг хүргэж байна.
Тэрбээр "Жендэр гэдэг үгийг сонсохоор эмэгтэй хүний эрхийн тухай яриа гэдэг ойлголт толгойд шууд буух нь бий. Угтаа жендэрийн хөгжил гэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, тэднийг нийгмийн харилцаанд оролцох, хөгжих тэгш боломжоор хангах тухай юм. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийг түлхүү ярьж, хэлэлцэж ирснээс энэ тэнцвэр алдагдаж эрэгтэйчүүдийн асуудал тойргийн гадна үлдэх байдал анзаарагдаж байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих байдал их байгаа учраас анхаарлын төвд орох нь аргагүй. Нөгөө талд эрчүүдийн маань эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, дундаж наслалт, хөдөлмөр эрхлэлт, орлого, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа, үнэт зүйл гээд олон асуудал бий. Тэдгээрийг тойргийн төвд оруулъя. Эмэгтэйчүүдийн асуудалтай энэ тэнцүү авч үзье.
Тоо бол зүгээр нэг тоо байдаггүй. Тоо өөрөө “үг хэлж байдаг”. Анхаарч харж чадвал асуудал тэнд бий.
Эдгээр тоо юуг хэлнэ вэ? Эрэгтэйчүүдийнхээ асуудалд анхаарах цаг болсныг гэрлэн дохио шиг сануулж байна. Одоохондоо магадгүй шар гэрлээр сануулж байгаа. Анхаарахгүй цааш явбал улаан гэрлээр дохио өгнө. Дундаж наслалтын зөрүү улам нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
Эрэгтэй хүмүүсийн нас баралтын шалтгааныг авч үзье.
Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2.8 дахин их байна. Эрэгтэйчүүдэд маань анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Амссан бол жолоо барих тухай бодохын ч хэрэггүй. Энэ статистик дахиж өсөх ёсгүй.
Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт 5.8 дахин их байна. Аавуудынхаа, ах дүү нарынхаа, эрчүүдийнхээ сэтгэлийг анхаарч сонсоорой гэсэн дохио биш гэж үү. “Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй” гээд дуулдаг даа. Эр хүн уйлдаггүй гээд дотогшоо залгисан нулимс энэ таагүй үзүүлэлтийн шалтгаан юм биш биз. Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бухимдлаа зөв аргаар тайлж байх ухаанд эрчүүд минь суралцах хэрэгтэй. Энэ нь архи уухын шалтгаан болж болохгүй. Эрчүүдийнхээ өвдсөн бие, эрхтнийг оношилж эмчлэхдээ ч, хөндүүрлэсэн бодол, сэтгэлийг нь илааршуулахдаа ч бид цаг алдаад байгаа юм биш биз?
Эмэгтэй хүмүүстэй харьцуулбал, эрэгтэйчүүдийн бусдад хорлогдсон тохиолдол 4.1 дахин их байна. Осол гэмтэл, хавдар, зүрх судасны өвчлөл бас л өндөр. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дөнгөж 34 хувь нь эрэгтэйчүүд. Энэ мэт олон харьцуулалтыг хүйсийн тэгш эрхийн жинлүүр дээр жигнэж үзэхэд тэнцвэр аль хэдийнээ алдагджээ.
Дээр хэлсэнчлэн тоо “хашхирч” байгаа бол бид чихээ дарж болохгүй.
Өнөөдөр үйлдэл хийж эхлэхэд урт хугацаандаа үр дүн гарна. Магадгүй 20 жилийн дараах тоон үзүүлэлтийг харахад өнөөх хазайсан жинлүүр тэнцвэрээ хадгалсан байх вий. Бид эрэгтэйчүүдийнхээ асуудалд өнөөдөр анхаарч чадсан тохиолдолд шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дэлхийн дундаж хэмжээнд ойртож очих ёстой.
Эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээ ямар байна вэ? Дахиад тоогоо “нухъя”.
Монголд 1 сая 600 мянга гаруй эрчүүд бий гээд тооцвол нэг эмчид 21 мянга 600 гаруй хүн оногдоно. Эрчүүдийн асуудалд анхааръя гэвэл эндээс л эхлэх ёстой. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эрт илрүүлэг, үйлчилгээний чанар, хүртээмжийг хамгийн түрүүнд тавихаас өөр аргагүй.
Нас барсан эрэгтэйчүүдийн дунджаар
- 20 хувь нь зүрх судасны өвчний,
- 15 хувь нь хавдрын өвчний,
- 13 хувь нь гэмтэл, хордлогын шалтгаантай байна.
Эрчүүдийн маань боловсрол юу билээ. Тэд хаана, юу сурч байна, эсвэл яагаад суралцаж чадахгүй байна вэ? “Тоо”-гоо харахад тольдсон юм шиг тодорхой үзэгдэнэ.
Тавин хувьд хүрсэн үзүүлэлт алга. Өнөөх тэнцвэр бас л алдагджээ.
Эмэгтэй хүүхдээ илүү боловсролтой болгоё гэдэг нийтлэг хандлагын үр дагавар болов уу. Боловсролын ялгаанаас хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин орлогын зөрүү, хандлагын зөрчил, амьдралын чанарын ялгаа гээд олон чухал асуудал салаална. Тоохгүй өнгөрөхөөр жижиг асуудал биш.
Тэгвэл эрэгтэйчүүд маань хаана ажиллаж байна вэ?
Хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, жижиглэн болон бөөний худалдааны салбарт түлхүү ажиллаж байна. Барилгын салбарт ажиллагсдын 87 хувь, уул уурхайн салбарт ажиллагсдын 82 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрэгтэйчүүдийн тоо цөөн" гэжээ.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам