Максараас авсан хиймэл дагуулын шинэ зургуудад Украйны хилийн ойролцоо Оросын нисдэг тэрэгний хүчнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэн байршуулсныг харуулжээ.

Украйны хилээс 16 км-ийн зайд орших Миллерово нисэх онгоцны буудалд танк, хуягт тээвэрлэгч, туслах хэрэгслүүдээс бүрдсэн шинэ нисдэг тэрэгний анги, байлдааны бүлэг байршуулсан хэмээн мэдээлэв.

Миллерово нь өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын хяналтад байдаг Украины хилийн хэсэгт ойрхон оршдог аж.

Украйны хилээс зүүн тийш 27 км-ийн зайд орших Валуйки хотын ойролцоо нисдэг тэрэгний шинэ анги (20 гаруй нисдэг тэрэг) байрлуулжээ.

Олон нийтийн сүлжээнд байршуулсан, CNN-ийн бичлэгүүдэд Оросын Валуйски болон Белгород хотын ойролцоох хоёр нисэх онгоцны буудалд довтолгооны нисдэг тэрэгнүүд байгааг харуулжээ.

Крымд одоо 70 нисдэг тэрэг байгаа бөгөөд энэ долоо хоногийн эхээр 60 гаруй нисдэг тэрэг Хар тэнгисийн эрэг дэх Донузлав нуур дахь ашиглагддаггүй агаарын баазад байрлаж байна.

Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас зарим цэргийн ангиудыг нүүлгэн шилжүүлж, үндсэн бааздаа буцаана гэж мэдэгдэж байсан ч ийнхүү нэмэгджээ. Орос улс мэдэгдлээ дагаж мөрдөж байгааг нотлох үүднээс хэд хэдэн танк буцаж буй бичлэгийг хүртэл нийтлээд байсан юм.

Гэсэн ч өнгөрсөн долоо хоногт хиймэл дагуулаас авсан зураг, олон нийтийн сүлжээний видео бичлэгүүд нь Оросын дэвшилтэт танк, гаубиц, баллистик пуужингууд Украины хил рүү, ялангуяа хойд болон зүүн хойд зүг рүү чиглэж байгааг харуулсан юм.

Эх сурвалж: BBC