Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар худалдааг тэлэх зорилгоор Засгийн газар хоёр гэрээ байгуулахаар идэвхтэй ажиллаж байна гэв. Тэрээр “БНСУ-тай Чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээ үргэлжилж байна. Бид анхны Чөлөөт худалдааны гэрээг Японтой байгуулсан. Мөн ОХУ-тай Чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийсэн” гэсэн юм.

2022 онд хойд хөрштэй хийсэн нийт худалдааг 100 хувь гэж үзвэл тус улсын экспорт 97 хувь, гурван хувь нь л манай экспорт байжээ. Худалдааны харьцаа эрс алдагдсаныг эндээс харж болно.

2023 оноос махны экспорт өсөж, харьцаа 95/5 болжээ. Ч.Хүрэлбаатар сайд “ЭЗХЯ сүүлийн хагас жилийн турш тус улстай яриа хэлэлцээ хийж бараг дуусаж байна. Гурван бүлэг барааг татваргүй, квотгүйгээр тус улсад экспортлох боллоо. Эдгээр нь мах, арьс шир, ноос, ноолуур болон эдгээрээр хийсэн бүтээгдэхүүнүүд юм. Нийт 375 бараа болно. Энэ шийдвэр манай улсын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, худалдааг тэлэх, энэ гурван салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой” гэв.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар манай нийт экспортын ердөө 1 хувь нь ОХУ-д ногдож байна. Импортын хувьд энэ жин 26 хувь байжээ. Тус улсаас хүнс, гэр ахуйн бараа, тоног төхөөрөмж импортолж байна.

 

        АЛТАНБУЛАГ БООМТЫН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ЦОГЦОЛБОРЫГ ХОЁР ДАХИН ТОМРУУЛНА

Алтанбулаг хилийн боомтын барилгын хоёрдугаар ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилга 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн хяналт, үерийн ус зайлуулах хоолой барьж байна.

Тус боомтын барилга байгууламжийн өргөтгөлийн хүрээнд 567 м2 ачаа тээврийн шалган нэвтрүүлэх барилга, 1152м2 түргэн муудах бараа бүтээгдэхүүний агуулах, Ус дулаан дамжуулах төв, 342м2 Гаалийн лабораторийн барилга, 66 кВт нарны цахилгаан үүсгүүр, хяналтын саравч 1,2,3, дулаан, цэвэр усны шугам, дулаан, цэвэр усны худаг, гадна гэрэлтүүлгийн ажлыг хийжээ.

Эхний ээлжийн бүтээн байгуулалтаар 1.65 км дөрвөн эгнээ бүхий тусгаарлах зурвас зам, 0.5, 0.37 км тойрог уулзвар, авто зогсоол 7000 м2 талбай бүхий зам, гол зам, замын далан, авто зогсоолыг ашиглалтад оруулсан. Эдгээр бүтээн байгуулалт өрнөснөөр боомтын нийт зам талбай хоёр дахин нэмэгдэж, шалган нэвтрүүлэх цогцолбор хоёр дахин томорно гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээлэв.