Жилдээ 1.4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орныхоо эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн салбар болохын төлөө хөнгөн үйлдвэрийнхэн, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид зогсолтгүй ажилласаар 90 жилийн ойтойгоо золгож байна.
Эдүгээгээс 90 жилийн өмнөх энэ өдөр буюу 1934 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Аж үйлдвэрийн комбинат ашиглалтад орсон нь Монгол оронд аж үйлдвэрийн салбар үүсэн байгуулагдаж, ялангуяа хөнгөн аж үйлдвэрийн газрууд голлох байр суурьтай хөгжиж, улс орны эдийн засгийн бүтцэд материаллаг үйлдвэрлэлийн томоохон салбар бий болох эхлэл болсон юм.
Өнөөдөр Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарт нийт аж ахуйн нэгж байгууллагын 6314 буюу 80.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хөнгөн үйлдвэрийн салбарт ноос ноолуур, арьс шир, мод, модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, гоо сайхан, ахуйн химийн нийт 3200 гаруй аж ахуй нэгж импортыг орлох, дотоодын зах зээлийг хангах хариуцлагатай үүргийг хүлээж байна. Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт хүрэх шат дамжлага бүрийн ард 44 мянга гаруй хүн цаг, минуттай уралдан ажиллаж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцож байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийт нэг их наяд гаруй төгрөгийн гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоод байна.
Тоо баримтаас товч дурдвал, Монгол Улсаас жилд бэлтгэгдэж байгаа ноосон түүхий эдийн нөөц нь үндэсний үйлдвэрүүдийн жилийн нийт хэрэгцээний 65-70-%-тай тэнцэж байна. Малчны хотноос гарч буй хонины ноосыг анхан шатанд нь боловсруулах, хялгас ялгах, ээрэх будах, хивсний үйлдвэрлэл, эсгий, ноосон дулаалга, бордооны үйлдвэрлэл, нэхэх, сүлжих үйлдвэр зэрэг бүхий л төрөлд боловсруулалт хийж байна.
Мод боловсруулах салбарын хувьд улсын хэмжээнд 450 гаруй аж ахуй нэгж байгууллага мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, модон материал, тавилгын 45 орчим хувийг дотооддоо 55 орчим хувийг импортоор авч байна.
Харин сав баглаа боодлын үйлдвэрлэл шинэ салбар хэдий ч дотоодын хэрэгцээний 35 хувийг хангаж байна. Үйлдвэрүүд технологийн шинэчлэл хийж, хүчин чадлаа нэмэгдүүлэн, төрөл бүрийн нийлэг уут, хүнсний хуванцар сав, бөглөө, даавуун болон цаасан уут, 1 удаагийн хоолны хэрэгсэл гэх мэт хэрэгцээт бүх төрлийн сав, баглаа боодлыг дотооддоо үйлдвэрлэж, жилдээ 200 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулалт зэрэг олон олон амжилттайгаар хөнгөн аж үйлдвэрийн салбар хөгжилд тэмүүлсэн 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.