Оксфам байгууллагын тэгш бус байдлын жилийн тайланд дурдсанаар 2020 оноос хойш дараах тэрбумтнуудын хөрөнгө инфляцыг тооцсоны дараа 114 хувиар буюу хоёр дахин өсөж, нийт 869 тэрбум долларт хүрсэн байна. Хэрэв энэ өсөлт цаашид тогтвортой үргэлжилбэл арван жилийн дараа гэхэд анхны их наядтнууд бий болно хэмээн тайланд дурджээ.
Үүний зэрэгцээ дэлхийн хэмжээнд бараг 5 тэрбум хүн инфляци, дайн, уур амьсгалын хямралтай тэмцэн, ядуурч байна. Өнөөгийн ядуурлыг арилгахад 230 орчим жил шаардлагатай юм.
Форбес сэтгүүлээс гаргасан мэдээлэлд тулгуурласан энэхүү тайлан Швейцарийн Давос хотноо жил бүр болдог, хамгийн чинээлэг хүмүүс болон дэлхийн удирдагчид цугладаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай давхцаж буй нь сонирхол татаж байгаа юм.
Дэлхийн толгой баян эрхмүүдийн хөрөнгөний өсөлт:
Tesla, SpaceX зэрэг хэд хэдэн компанийг удирддаг Элон Маск сүүлийн жилүүдэд ихэд амжилттай яваа ба үүнийгээ дагаад түүний хөрөнгө өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлчээр 245.5 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оны гуравдугаар сарынхаас 737 хувиар өссөн үзүүлэлт юм.
Францын тансаг зэрэглэлийн LVMH компанийн тэргүүн Бернар Арно болон түүний гэр бүлийн хөрөнгө 111 хувиар өсөж 191.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Харин Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос 167.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан нь 24 хувиар өссөн.
Харин Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хөрөнгө 145.5 тэрбум доллар болж, 107 хувиар өссөн байна.
Хамгийн чинээлэг таван хүний жагсаалтад багтдаг Berkshire Hathaway-ийн гүйцэтгэх захирал Уоррен Баффетын хөрөнгө 48 хувиар өсөж 119.2 тэрбум долларт хүрчээ.
Ерөнхийдөө нийт тэрбумтнуудын хөрөнгө 2020 оноос хойш 3.3 их наяд доллар буюу 34 хувиар өсжээ. АНУ-ын ихэнх тэрбумтнуудын санхүүгийн эх үүсвэр нь өөрсдийнх нь компанийн орлого байдаг аж.
Эх сурвалж: CNN