АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жек Салливан Хятадын Гадаад бодлогын тэргүүн Ван И нар энэ 7 хоногт Вена хотноо хоёр ч удаа уулзаж хэлэлцээ хийсэн байна. Энэ уулзалт, Хятадын дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Жо Байден нарын өнгөрсөн оны сүүлээр болсон уулзалтаас хойших АНУ-Хятадын хамгийн өндөр түвшний уулзалт болсныг хоёр талын хэвлэлүүд онцолсон байна.
Мөн уулзалтын талаарх хоёр талын өчигдрийн мэдэгдлүүд, Хятадын агаарын бөмбөлөгтэй холбоотой асуудлаас болж хөрсөн Бээжин, Вашингтоны харилцаа эргээд хэвийн болохын тодорхой дохио гэж хятадын хэвлэлд бичжээ. АНУ-ын нутаг дээгүүр хятадын агаарын бөмбөлөг хөөргөсөнтэй холбоотой асуудлаас болж хурцадсан хоёр улс хоорондын харилцааг түвшитгэхэд тэдний яриа хэлэлцээ гол чиглэснийг Цагаан ордон мэдээлсэн байна. Хоёр өдөр дараалж, нийтдээ 8 цаг гарны турш үргэлжилсэн яриа хэлэлцээний явцад Вашингтон, Бээжин хоорондын харилцааны сувгуудыг нээлттэй хэвээр байлгах дээр талууд нэгдмэл байр суурь илэрхийлжээ. Салливан болон Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад хэрэг эрхэлсэн комиссын тамгын газрын дарга Ван И нар энэчлэн хоёр талын харилцааны гол асуудлуудаас гадна Орос, Украины дайн болон Ази Номхон далайн бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын бусад сэдвээр “нээлттэй, өргөн дэлгэр, үр бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлснийг” хоёр талын эх сурвалжууд мөн мэдээлсэн байна.
Хэлэлцээгээр Тайваний асуудал мөн яригдсан гэдгийг хятадын талын эх сурвалжууд дурдсан байна. Тухайлбал Ван И тайваний асуудлаарх Хятадын хөдөлшгүй байр суурийг бүрэн тод илэрхийлсэн гэж “Синхуа”мэдээлжээ. Хятадын агаарын бөмбөлөгтэй холбоотой хэрэг явдлын улмаас АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2-р сарын эхээр Хятадад хийх байсан айлчлалаа цуцалж байсан. Энэ айлчлалын шинэ товын талаар Салливан, Ван И нар хэлэлцээгүй, гэхдээ “ойрын саруудад хоёр тал хооронд цөөнгүй уулзалт, айлчлал болохоор байгаа”-г Цагаан ордны өндөр албаны төлөөлөгч мэдэгдсэн байна. Тухайлбал, энэ сарын сүүлээр Детройтод Хятадын худалдааны сайд Ван Вэнтао Америкийн худалдааны төлөөлөгч Кэтрин Тай-тай уулзах бол, Пентагон ирэх сард Сингапурт болох Шангри-Лагийн яриа хэлэлцээний үеэр америкийн БХЯ-ны сайд Ллойд Остин, Хятадын ижил түвшний сайд Ли Шангфу нарын уулзалтыг зохион байгуулахаар чармайж байгаа гэдэг мэдээлэл байна. Хятад улс ирэх 7 хоногт Японы Хирошимад болох Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын босгон дээр АНУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх санаа бодолтой байгаагаа харуулж байдлыг даамжрахаас сэргийлэх найдвар тавьж байгаа хэрэг гэж ажиглагчид үзэж байна.