Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын 2022 онд хийсэн худалдан авалт, тендер сонгон шалгаруулалттай танилцаж нөхцөл байдлыг тодорхойлжээ.

Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газарт хийгдсэн Авлигын эрсдэлийн үнэлгээний хэрэгжилтийн үр дүнг тооцож, Улсын хоёрдугаар эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүрээ амаржих газрын цахим хуудасны ил тод байдалд дүн шинжилгээ хийлээ.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 11 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 942 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1-т тусгасан “Шударга хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх” зорилтын хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын удирдах албан тушаалтан, багш, ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, авлигын эсрэг мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Авлигаас ангид боловсрол: Ёс зүй ба шударга байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвсэл, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.