Төв Азийн Киргизстан улсын ерөнхийлөгч Садыр Жапаров өчигдөр казиногийн хуулийг баталснаар хүчин төгөлдөр болжээ.

Тус улс сүүлийн арван жилийн турш казиногийн үйл ажиллагааг хуулиар хориглож байсан юм.

Шинэ хуулийн дагуу Киргизийн казинод зөвхөн 21-ээс дээш настай, эрүүл мэндийн хувьд хэвийн гадаадын иргэд үйлчлүүлэх юм байна.

Казино нь орон сууц, боловсрол, эрүүл мэнд, шашны байгууламжуудад үйл ажиллагаа явуулж болохгүйг бас хуульчилжээ.

Ерөнхийлөгч Жапаров казиног хуульчлах ажлыг өнгөрсөн оноос идэвхжүүлсэн ч ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байв.

Сүүлийн өдрүүдэд казиног хуульчлахыг эсэргүүцсэн жагсаалууд нийслэл Бишкек, тус улсын хоёр дахь том хот Ошд өрнөж байжээ.

Хэдийгээр зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх ч казино нь Киргизийн нийгэмд сөрөг нөлөөтэй гэж тэд үзэж байгаа.

Казиногийн хуулийг Киргизийн парламент зургаадугаар сарын 22-ны өдөр хэлэлцэж дэмжсэн юм. Зарим хууль тогтоогчид хуулийн төслийг эсэргүүцэж байсан тул хэлэлцүүлэг дөрвөн удаа тасалдаж байжээ.

2012 онд Киргизстанд казиног хориглох шийдвэр гарч байв.

Тэр үеэс хойш хүчний байгууллагууд казиногийн хууль бус, нууц үйл ажиллагааг олон удаа илрүүлж байжээ.

Киргизстан улс казинотой болох нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давахад чухал ач холбогдолтой гэж Жапаров тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe