Хүүхэд насны ой тойнд мартагдахааргүй тод үлддэг гэгээн дурсамжийн нэг зуслангийн зугаатай өдрүүд, зуслангийн найзууд билээ. Ковид цар тахлын улмаас хоёр жил дараалан багачуудаа хүлээж авч чадаагүй “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслан энэ зун ажиллаж эхэлснээр амрагч хүүхдүүдийн ёстой л нар гарч байна. Ногоон нарсан ойгоор хүрээлэгдсэн, Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын нэгэн том илэрхийлэл болдог “Найрамдлын Эрдэнэс” зуслан сэргэлэн хөөрхөн багачуудын инээд хөөрөөр бялхаж, дуу бүжгээр наадсан нэгэн үдэш тэнд саатлаа. Хоёрдугаар ээлжинд амрагч хүүхдүүдийн цовоо цолгин яриа, товч сэтгэгдлээс хуваалцая.
О.Элбэгсайхан: “Найрамдлын Эрдэнэс” зусланд анх удаагаа амарч байна. Гоё байгаа. Уйдах завгүй. Өглөө 6,7 цагт сэрээд дасгал хийж, өглөөний цайгаа уугаад дуу бүжиг, тэмцээн уралдаан, сургалтад өдөржин оролцдог. Дундуур нь дараагийн үйл ажиллагаандаа бэлддэг. Амрах завгүй л байна. Өнөөдөр л гэхэд спортын бага наадам болсон. Өрсөлдөөнтэй гоё байлаа. Энэ бүхнээс багаар ажиллах чадварт суралцаж байгаадаа баяртай байна. Ангийнхантайгаа бас нэг байрны хүүхдүүдтэй олуулаа амарч байгаа болохоор сайхан байна.
Ц.Дөлгөөн: Би хотоос ирж амарч байгаа. Улаанбаатар хотын 12-р сургуульд суралцдаг. Намар 6-р ангид орно. Ээж минь энэ зусланд амар гэсэн санал гаргаад, эмээ маань бас зуслангийн төлбөрийн мөнгө өгч тусалсан. Галт тэргээр замдаа нэг хоноод, Эрдэнэтэд ирсэн. Хоггүй, цэвэрхэн гоё хот байна. Зуслан ч бас байгаль нь гоё, багш нар маань сайхан ааштай, их таалагдаж байгаа. Өрөөндөө наймуулаа, зөндөө найз нартай болсон. Намайг ийм гоё зусланд явуулж, амрааж байгаа ээж, эмээ хоёртоо их баярлалаа. Хайртай шүү.
Г.Итгэл: Би сургуульд ороогүй байхдаа Улаанбаатар хотоос ирж амарч байсан. Одоо 4-р ангийн сурагч. Энэ жил 2 дахь удаагаа амарч байна. Өмнөхөөсөө илүү гоё болсон санагдаж байна, багш нар, хүүхдүүд тэгээд байр байшин, оройн диско гээд л. Гэрээ жаахан санаж байгаа ч эмээ өвөө минь Эрдэнэтэд ойрхон байгаа болохоор гайгүй. Олуулаа хамтдаа багшийнхаа зааж өгснийг суралцаж, баг багаараа уралдаж өдрийг үнэхээр зугаатай өнгөрөөдөг. Багш нартаа их баярлалаа.
М.Мөнхжин: Эрдэнэт хотын 1-р микрт манайх амьдардаг. Энэ намар 3-р ангид орно. Анх удаагаа амарч байна. Зуслангийн маань эргэн тойрон, байгаль, бас олон найзуудтай болж байгаа маань их таалагдаж байгаа. Бас хоол унд, багш нар, зуслангийн ажилтан ах эгч нарын харилцаа гээд зөндөө гоё гоё зүйлүүд байна. Оюунбилэг гэж хотоос ирсэн, сэргэлэн хөөрхөн найзтай болсондоо баяртай байна. Бид хоёр “Одод” бүлэгт хамтдаа хуваарилагдаад, танилцсан.
О.Оюунбилэг: Би бас энэ жил 3-р ангид орно. Манайх Улаанбаатарын айл. Эрдэнэт хотод анх удаагаа ирж байна. Их том гоё хот юм байна. Зусландаа их зүйл сурч байгаа. Багш нар маань их хөөрхөн, найрсаг зантай. Үргэлж санаа тавьж, уралдаан тэмцээнд оролцоход тусалж, зааж өгч байгаад нь баярлалаа. Дахиад ирж амарна.