ВАШИНГТОН. /Variety/. Цар тахлын улмаас хоёр сараар хойшилсон “Grammy” хөгжмийн наадмын 64 дэх удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лас-Вегас хотноо ням гарагт эхэллээ.

“Grammy-2022” наадмыг анх нэгдүгээр сарын 31-нд Лос-Анжелес хотын “Crypto.com” танхимд зохион байгуулахаар товлоод байсан боловч 2021 оны сүүлээр “омикрон” хувилбар тархсаны улмаас хавар хүртэл хойшлуулж, “MGM” танхимд явуулахаар болсон юм.

Энэ удаагийн наадмыг Бруно Марс, Андерсон Паак нарын бүрэлдэхүүнтэй “Silk Sonic” хамтлаг “777” дуугаа үзэгчдийн хүртээл болгосноор эхлүүлсэн бөгөөд тун удалгүй “Leave the Door Open” дуугаараа “Оны шилдэг дуу” шагналын эзэд болжээ.

“Grammy” наадмын хамгийн шилдэг дөрвөн шагналд нэр дэвшээд буй залуу дуучин Оливиа Родригогийн хувьд “Шилдэг шинэ уран бүтээлч”-ээр тодроод байна. Тэрбээр шагналаа гардан авах үеэрээ “хамгийн том мөрөөдөл минь биеллээ” хэмээн хэлжээ.

Энэ орой тайзнаа Осборны ахан дүүс, “BTS хамтлаг, Брэнди Карлайл, Билли Айлиш,  Лис Нас Икс болон Жеком Харлоу, Оливиа Родриго, Жон Батисте, “H.E.R” нар уран бүтээлээ толилуулна. Мөн өнгөрсөн 11 дүгээр сард 91 насандаа таалал төгссөн хөгжмийн зохиолч Стивен Сондхейм, ердөө долоо хоног гаруйн өмнө зуурдаар нас барсан, “Foo Fighters” хамтлагийн бөмбөрчин Тейлор Хокинс нарын дурсгалыг хүндэтгэх ажээ.