Нэгэн иргэн “Оросын Сбербанк УБ-т Монголын бүх долларыг ачаад яваа юм байна" гэж цахим хуудсандаа бичжээ. Энэ нь худал мэдээлэл болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Тус газраас "Иргэн Б нь 2021 оны наймдугаар сард ОХУ-ын Красноярск хотоос 2006 онд үйлдвэрлэгдсэн "Ford" маркийн "Transit" загварын тээврийн хэрэгслийг худалдан авсан. Улмаар Эрхүү хотод ОХУ-д бүртгэлтэй улсын дугаарыг нь хураалгуулж, түр дугаар буюу Транзит дугаар /ОХУ-с Монгол Улсад түр хэрэглэх дугаар/ авч Монгол улсад оруулж ирсэн байна.
Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны есдүгээр сараас хойш гараашинд байрлуулж байгаад Монгол Улсын дугаар авах зорилгоор байрныхаа гадна байрлуулжээ. Тухайн үеийн зураг цахим орчинд “...Оросын Сбербанк УБ-т Монголын бүх долларыг ачаад яваа юм байна...” гэсэн утгатайгаар тархсан нь худал мэдээлэл болно" гэв.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв