Урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг жуулчдад зориулан энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Зочлох үйлчилгээний ур чадварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, Үндэсний болон олон улсын хоолны наадам, Морьт харвааны олон улсын фестиваль, олон улсын марафон зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Харин Нийслэлийн Соёл урлагийн газраас “Улаанбаатар венийн үдэш” бүжгийн цэнгүүн, Гэгээ муза олон улсын театрын наадам, сонгодог урлагийн олон улсын гала фестиваль, Монгол туургатны бүжгийн их наадам,  “Жазз Сити” олон улсын хөгжмийн наадам, "Улаанбаатар XIV” олон улсын кино наадам зэрэг 14 арга хэмжээг төлөвлөжээ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын хувьд сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн, бүх нийтийн хөл бөмбөгийн аян, Улаанбаатар олон улсын марафон зэргийг зохион байгуулах аж.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвхөн энэ арга хэмжээнүүдээр хязгаарлахгүйгээр үйл ажиллагаа зохион байгуулаарай гэдгийг сануулав.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар