​Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээг ойн өдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 21-нд Украин Улсын Парламентын ордонд  зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Украин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Украины Верховна Радагийн Гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Мережко, Украин-Монголын найрамдлын бүлгийн дарга И.Кривошеев, Гадаад хэргийн дэд сайд Д.Сеник нар оролцов.  Мөн Украины Геологичдын холбоо, Украины Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг томоохон байгууллага, улс төр, урлаг, соёл, бизнесийн төлөөлөгчид оролцлоо.

Өнгөрсөн гучин жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбарт амжилттай хөгжиж ирснийг талууд хэлсэн үгэндээ тэмдэглэж, цаашид  улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Украин Улсад амьдарч буй зохиолч, судлаач  Ц.Цогтсайхан өөрийн олон жилийн судалгаан дээрээ үндэслэн Чингис Хааны өсвөр  насных нь тухай өгүүлсэн уран зохиолын номыг орос, украин хэлээр бичиж «Путь Цапли» нэртэйгээр хэвлүүлснийг арга хэмжээний үеэр танилцуулав. Тэрбээр Монголын нууц товчоог украин хэлнээ орчуулж, Украины Дорно дахины судлалын хүрээлэнтэй хамтран хэвлүүлэхээр бэлтгэж байна.

Монголын ардын урлагийн Хөх тэнгэр хамтлаг дипломат харилцааны 30 жилийн ойн арга хэмжээнд  уран бүтээлээ толилуулсан  нь Украинчуудын сонирхлыг  ихэд татав.