Эцэг эхчүүд хүүхдүүдээ сугалаагаар цэцэрлэгт хамруулахыг эсэргүүцэж өнгөрсөн долоо хоногт жагссан. Үүнтэй холбогдуулан БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд ямар бодлого баримталж буй талаар товч тодрууллаа.
Тэрбээр “Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад асуудал үүссэн. 3-5 настай хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 80 хувьд хүрсэн. Улаанбаатарт байгаа 40 мянга орчим хоёр настнуудын 18 мянга орчим нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашдаа цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад олон хувилбар шаардлагатай. Үүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Хувийн цэцэрлэгүүдийн орон зай, багтаамж их бий. Бид
- хувийн цэцэрлэгийг хувьсах зардлаар нь дэмжих,
- байгууллагын цэцэрлэгтэй болох,
- хүүхэд харах үйлчилгээг дараагийн шатанд аваачих чиглэлд бүх хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулахад хамтран ажиллах юм.
Нийслэлийн Засаг дарга, дүүргүүдтэй хамтарч гэр хороололд цэцэрлэг шаардлагатай байгаа газарт ямар шийдэл байх вэ гэдэгт анхааран ажиллана. Энэ жилээс өргөө цэцэрлэг барих ажлыг эхэлж байна. Том цэцэрлэг барихад газар олддоггүй. Тиймээс дөрвөн айлын газрыг худалдаж авч, тохирсон хэмжээтэй буюу 100-150 хүүхдийн цэцэрлэгийг барих юм. Том хотхон, хорооллуудын нэг давхрыг цэцэрлэг, бага сургуулийн зориулалтаар өөрчлөх талаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь үр дүнтэй бөгөөд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ” хэмээсэн юм.