Хэрэглээний үнийн индекс хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн байна.
Нэгдүгээр сард инфляц 14.6 хувьтай гарч байсан юм. Үүнээс бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт бага зэрэг саарч эхэлсэн нь харагдаж байна.
Хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 18 хувиар, тээврийн бүлгийн үнэ 21.5 хувиар өссөн нь хамгийн огцом өсөлт болж байна.
Инфляцад үзүүлэх нөлөөллийн хувьд 5.1 нэгж хувь буюу 35.9 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Харин 50.7 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Инфляцыг тооцохдоо нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нэгтгэн судалдаг. Үүнээс 200 нь буюу 45.5 хувь нь импортын бараа, бүтээгдэхүүн байдаг. Өөрөөр хэлбэл инфляцад импортын барааны үнийн нөлөө маш өндөр болох нь харагдаж байна.
Инфляцын дийлэнх хэсгийг хүнс, шатахууны үнийн өсөлтөөр тайлбарлаж байгаа ч сүүлийн саруудад импортын барааны үнэ хурдацтай өсөж байна.
Инфляцын цаашдын төлөв тээвэр логистикийн нөхцөл байдал, гадаад зах зээл дэх үнээс ихээхэн хамаарахаар байгааг Монголбанк мэдээлсэн юм.
Мөн дэлхийн бусад улсад инфляц нь Төв банкныхаа зорилтоос давж байгаа нь импортын барааны үнэ нэмэгдэх эрсдэл бий болгоод байна.
2022 оны эцэст инфляцын түвшин буурч, Төв банкны зорилтот түвшинд тогтворжих хүлээлт хэвээр байгааг Монголбанк онцолж байгаа юм.