Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т/ мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид энэ сарын 8-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын найман алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 09:00 цагаас эхэлжээ. Тэд хоёр бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг “Эг”-ийн голд “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас зүүн хойд зүгт 120 метрт 13 удаа шумбажээ.

Хоёрдугаар бүлэг тус газар 10 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоон, өнөөдөр 09:00 цагт эрлийг дахин эхлүүлжээ.

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн малчин Г гэр бүлийн маргааны улмаас өчигдөр 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ  тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан байна.

Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:02 цагт тус газрын зүг хөдөлж, 00:05 цагт очжээ. Тэд малчин Г/28 настай, эмэгтэй/-ийг хайх ажиллагааг тус сумын Өгөөмөр багийн “Бор хөндий гэдэг газарт 10 км-ийн тойрогт зохион байгуулан ажиллаж байна.