2016 онд ашиглалтад орсон “Шангри Ла” төвийн III цамхгийг Улаанбаатарын хамгийн өндөр барилгад тооцдог. Тус барилга 136 метр өндөр, 34 давхраас бүрддэг. “Шангри Ла” төвийн нэгдүгээр хэсгийн барилгыг 2014 онд, хоёрдугаар хэсгийн барилгыг 2015 онд барьжээ. Хоёрдугаар хэсгийн барилгаар 24 давхар оффисын цамхаг, 34 давхар 200 өрөө бүхий өндөр зэрэглэлийн зочид буудлыг ашиглалтад оруулсан.
2. Хамгийн ачаалалтай дүүрэг
Нийслэлийн хамгийн том дүүрэг бол 1244 га газар нутагтай Баянзүрх дүүрэг юм. Мөн Улаанбаатарын хамгийн олон оршин суугчтай буюу 367.679 хүн амтай, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 22.6 хувь нь Баянзүрх дүүрэгт байдаг. Түүнчлэн хотын 414.292 өрхийн 25.5 хувь буюу 105.791 өрх тус дүүрэгт оршин сууж байна. Нийслэлийн хамгийн олон өрхтэй, хамгийн олон хүн амтай хороодыг ч тус дүүргийн хороод тэргүүлдэг.
3. Хамгийн анхны дарга М.Баяр
Улаанбаатарын хамгийн анхны даргаар Моононгийн БАЯР хэмээх эрхэм 1924-1926 онд ажиллажээ. Тэрбээр 1892 онд одоогийн Дорнод аймгийн Булган суманд ард гаралтай, малчны гэрт төрсөн. Бага наснаасаа бичиг үсэг сурч, хошуу сумандаа бичээчийн ажил хийж байгаад цэргийн яаманд алба хаасан аж. Хотын түр захиргааны орон тоог 1924 оны дөрөвдүгээр сарын 16-нд баталжээ.
Нэг дарга, хоёр жинхэнэ бичээч, 11 ажилчин, хоёр морьтой зарлага, гурван гишүүн, нэг нарийн бичгийн даргатай байхаар буюу нийт 20 орон тоо, дөрвөн хэлтэстэй баталжээ. Ийнхүү 1924 оны дөрөвдүгээр сарын 30-нд олон хороодын захирагч нар гаалийн хороонд ажиллаж байсан М.Баярыг хотын түр захиргааны даргаар сонгон баталжээ. Тухайн жилдээ Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэхээр тогтсон байна.
4. Хамгийн анхны сургууль
Шинэ Монгол Улсын Засгийн газар 1921 оны наймдугаар сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоож өгсөн байна. Уг тогтоол батлагдсанаас хойш хоёр жилийн дараа буюу 1923 оны хоёрдугаар сарын 16-нд хүрээний анхны дунд сургуулийн тулгын чулууг тавьжээ. Ийнхүү Нийслэл хүрээний анхны сургууль буюу I сургуулийг “Дунд сургуулийн танхим” нэртэйгээр хоёр бүлэг, 40 сурагч, дөрвөн багштайгаар байгуулсан юм. Улаанбаатар хотын нэгдүгээр бүрэн дунд сургууль нь 1938 онд ерөнхий боловсролын анхны бүрэн дунд сургууль болж байжээ.
5. Хамгийн анхны цэцэрлэг “Хүүхдийн байшин”
1932 онд Ардыг гэгээрүүлэх яамны сайдын тушаалаар хотын гэгээрлийн хэлтсийн шууд харьяанд байх найман төрлийн ажилд “Хүүхдийн байшин” гэсэн заалт оруулсан нь хүүхдийн цэцэрлэгийн тухай байв. Тухайн үед цэцэрлэгийг ийн нэрлэдэг байжээ. Улаанбаатар хотын I цэцэрлэг 1932 онд одоогийн I сургуулийн хойно орос маягийн цонхтой, тухайн үедээ тохилогт тооцогдох, томоохон мяндаг тушаалтай ламын амьдарч байсан байшинд нүүн оржээ. Анхны цэцэрлэгүүдэд юм хайчилж наах, хөл гарын сургууль хийх, өнгө, зүг чиг заах, хүмүүсийн зураг үзүүлж түүх намтар ярих, малын хүйс, нас зэргийг заахаас гадна мандолин, бөмбөр зэрэг хөгжим тоглохыг заадаг байв.
6.Хамгийн анхны их сургууль
БНМАУ-ын Ардын Их хурлын 1940 оны гуравдугаар сарын 22-ны тогтоолд үндэслэн, 1940 оны арванхоёрдугаар сарын 6-нд Сайд нарын Зөвлөлөөс “Улаанбаатар хотноо улсын университет байгуулах тухай” 45 дугаар тогтоол гаргажээ. Дээрх шийдвэрийг үндэслэн БНМАУ Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр 1942 оны аравдугаар сарын 5-нд Чойбалсангийн нэрэмжит Улсын Университетийг байгуулсан нь Монгол Улсын Их Сургууль юм. Дэлхийн II дайны үед сууриа тавьж, Монгол Улсад үндэсний мэргэжилтэн бэлтгэх анхны их сургууль болсон Монгол Улсын Их Сургууль анхны төгсөгчдөө 1946 онд өлгийдөн авчээ.
7. Хамгийн өндөр, сүрлэг хөшөө
Улаанбаатартын хамгийн өндөр, хамгийн сүрлэг хөшөө бол Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө цогцолбор юм. Уг хөшөө цогцолборыг 1969-1971 онд архитектор А.Хишигтийн удирдлагаар Н.Уртнасан, Д.Өлзийхишиг, инженер-конструктор С.Я.Кузнецов, И.Бадай, барималч Ц.Доржсүрэн, Т.Зулзага, зураач Я.Үржнээ, Б.Доржханд нар байгуулжээ. Цогцолбор нь дайчдын дурсгалын хөшөө, хөшөөнд очих явган болон авто зам, авто зогсоол, цуглааны талбай, мөнх гал зэргээс бүрдэнэ. “Монгол Зөвлөлтийн ард түмний ахан дүүсийн найрамдал мөнх” гэсэн санааг уг дурсгалын цогцолбороор илэрхийлсэн байна.
10. 8. Хамгийн эртний архитектурын дурсгал “Дамбадаржаа хийд”
Манжийн хааны зарлигаар 1761-1765 онд II Богд Жавзандамба хутагтад зориулан Дамбадаржаа буюу Шашныг бадруулагч сүмийг барьж өгсөн нь өдгөө Улаанбаатар хот дахь хамгийн эртний архитектурын дурсгал юм. Дамбадаржаа хийд нь цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан гээд нийт 25 дугантай. Мөн 1500 лам ном хурдаг томоохон хийд байсан бөгөөд 1937 онд үйл ажиллагааг нь хааж, 1990 онд хурал номын үйл ажиллагааг сэргээсэн байна.Эх
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар