Тагнуул хийж мөнгөн урамшуулал авсан Монгол Улсын иргэнд найман жилийн хорих ял оноосон талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Тус газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр "Монгол Улсын иргэн Л гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажиллаж тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үүнийхээ хариунд мөнгөн урамшуулал удаа дараа авсан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Улмаар 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч этгээдийг гэм буруутайд тооцон найман жилийн хорих ял оноожээ.

Мөн иргэн А, Э нар нь гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан. Гадаадын тагнуулын албаны нэр бүхий ажилтан Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 19.4, 19.10 дугаар зүйлд зааснаар 2021 оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Улмаар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна" гэлээ.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
19.10 дугаар зүйл.Тагнуул хийх
1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: "Тагнуул хийх" гэж гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно.