Антарктидаас 2017 онд тасарсан А68 хэмээх асар том мөсөн уул гурван жил хагасын хугацаанд эрчимтэй хайлсан байна. Оргил үедээ далайд 1,5 тэрбум тонн цэвэр ус нэмэгдэж байсан гэж Их Британийн эрдэмтэд тооцоолжээ. 

1,5 тонн цэвэр ус гэдэг нь Их Британийн хоногийн хэрэглээний цэвэр усыг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ус юм байна. 2017 онд Өмнөд далайгаар хөвж явахдаа А68 дэлхийд хэмжээгээрээ хоёрдугаарт орох аварга том мөсөн уул байв.  6000 км кв. талбайтай уг мөсөн уул ОХУ-ын нийслэл Москва хотоос зургаа дахин том хэмжээтэй байжээ.  

Гэвч 2021 оны эхэн үед нэг их наяд тонн мөсөн уул алга болсон байв. Лидсийн их сургуулийн эрдэмтэд хиймэл дагуулын зургуудад үндэслэн А68 мөсөн уул гурван жил хагасын дотор буюу маш хурдтай хайлсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн мөсөн уул Өмнөд Атлантын далайд буюу харьцангуй дулаан бүс нутаг руу хөвж очсоныхоо дараахан хайлж эхэлсэн байна. 

Мөсөн уул дундуураа хуваагдахаар нь эрдэмтэд А68а, А68b, A68c гэх мэтээр тэмдэглэж байжээ. 2021 оны дөрөвдүгээр сар гэхэд А68 бүр олон жижиг хэсгүүдэд бутарч хуваагдан, ажиглах боломжгүй болсон байна. Ийнхүү аварга том мөсөн уул үгүй болов. Мөсөн уулын жижиг хэлтэрхийнүүд урт хугацаандаа оршсоор байх аж.

Асар том мөсөн уул хайлснаар хүрээлэн буй орчинд хүчтэй нөлөөлдөг гэж эрдэмтэд үзэж байна. Далайн усанд суурилуулсан хэмжигч багажнуудын мэдээллийг цуглуулж байгаа ч биосистемд хэрхэн нөлөөлдгийг судлах судалгааны ажил бүрэн дуусаагүй гэнэ.

Эх сурвалж: ВВС