“Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" форум боллоо.
Амьдрахад таатай нөхцөл бий болгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц бүхий хотуудыг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" форумыг өнөөдөр зохион байгуулжээ.
Форумын үеэр хот төлөвлөлтийн үзэл баримтлал, шийдэл болон хот байгуулалтын хамтын ажиллагаа сэдвээр хуралдаж, илтгэл хэлэлцүүллээ.
Мөн Улаанбаатарын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Шинэ Зуунмод хот, Шинэ Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт болон бусад төслүүдийн танилцуулгаар үзэсгэлэн гаргажээ.
Нэмэлт боловсруулалт, санал зөвлөмж авах ажил үргэлжилж байна.
Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалын төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “20 минутын хот”-ын үзэл баримтлалын төсөлд санал асуулга явууллаа.
"Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" форумын үеэр нийслэл Улаанбаатарын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар 2040: Амьдрахад таатай хот” сэдэвт илтгэл танилцууллаа.
Тэрбээр “Улаанбаатарыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийсэн. Үүнээс хойш зургаан удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ.
2013 онд “Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дууссан тул 2017 оноос Улаанбаатар хот цаашдаа ямар үзэл баримтлалтай хөгжих талаар төлөвлөлтийг боловсруулжээ.
Эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш нарыг оролцуулан хоёр удаа хэлэлцүүлэг хийж, 1200 хүнээс 246 санал, зөвлөмжийг авч уг төлөвлөлтөд тусгасан. Мөн 14 яам, түүний харьяа байгууллагатай зөвшилцсөн. Хөгжлийн төлөвлөгөөний талаар 12 мянган иргэнээс санал ирүүлснийг нэгтгэн боловсруулсан” гэв.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн УИХ-аар батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг үндэслэн нэмэлт боловсруулалт, санал зөвлөмж авах ажил үргэлжилж байна.
Тус форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон НҮБ-ХАБИТАТ, ДЭМБ хамтран зохион байгуулжээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс