НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриан дор тэмдэглэхээр тогтжээ.

Монгол Улс Авлигын эсрэг олон улсын өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Улс орнуудын удирдагчид 2003 онд Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний байгууллагын Конвенцод нэгдэн, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулжээ. Өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн Нэгдсэн Үндэсний байгууллагаас албан ёсоор тунхаглажээ.

Монгол Улс тус Конвенцод 2005 онд нэгдэн орсон. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан хүүхэд багачууд, оюутан залууст шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын хор хөнөөлийг ухуулан, таниулах, уриалах контент бэлтгэн түгээх, авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлах, авлигаас урьдчилан сэргийлэх уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг зэрэг олон талт арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, олон нийтийн оролцоонд түшиглэн зохион байгуулж, өргөн хүрээнд тэмдэглэж иржээ.