Дэлхийн анхны модон хиймэл дагуулыг Японы эрдэмтэд бүтээж, сансарт амжилттай хөөргөлөө. Энэхүү хиймэл дагуул нь модон материалыг сар болон Ангараг гарагийн судалгаанд ашиглах боломжийг урьдчилан турших зорилготой юм.  

"LignoSat" гэх энэхүү хиймэл дагуулыг Киотогийн их сургууль болон барилгын компани хамтран бүтээжээ. Энэ нь SpaceX компанийн хөөргөсөн сансрын хөлгөөр Олон улсын сансрын станц руу тээвэрлэгдэж, улмаар дэлхийгээс 400 км-ийн зайд тойрог замд гарна.  

Латинаар "мод" гэсэн утгатай нэртэй "LignoSat" нь сансар дахь сэргээгдэх материалын хэрэглээг харуулах үүрэгтэй. Хүн төрөлхтөн сансарт амьдрах, ажиллах боломжийг судалж буй үед энэ нь чухал алхам гэж үзэж байна.  

"Мод бол бидний үйлдвэрлэх боломжтой материал. Үүний ачаар сансарт байшин барьж, ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадна" гэж Киотогийн их сургуулийн судлаач, НАСА-гийн сансрын нисэгч Такоа Дои хэлэв.  

50 жилийн хугацаанд мод тарьж, сар болон Ангараг дээр модон байшин барих зорилготой Доигийн баг уг төсөлдөө NASA-гийн шаардлагыг хангасан модон хиймэл дагуул бүтээхээр шийдсэн байна.  "1900-аад оны эхэн үеийн нисэх онгоцууд модоор хийгддэг байсан. Тиймээс модон хиймэл дагуул хийх нь боломжтой" гэж Киотогийн их сургуулийн ойн шинжлэх ухааны профессор Кожи Мурата хэлжээ.  

Сансрын орчинд ус, хүчилтөрөгч байхгүй тул мод илүү бат бөх, удаан эдэлгээтэй байдаг гэж тэрээр онцолсон юм. Мөн модон хиймэл дагуул ашигласнаар түүний ашиглалтын хугацаа дууссаны дараа сансрын хог хаягдал үүсгэх эрсдэлийг бууруулна. Металл хиймэл дагуул дэлхийн агаар мандалд орж ирэх үед хөнгөн цагааны исэл ялгаруулдаг бол модон хиймэл дагуул шатаад ямар ч бохирдолгүйгээр устах давуу талтай гэж Дои тайлбарлажээ.

Эх сурвалж: Reuters