"Miss universe-2024" 73 дахь удаагийн тэмцээн Мексикийн нийслэл Мехико хотод болж байна. Дэлхийн 127 орны гоо бүсгүйчүүд оролцож буй энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн СЭЗИС-ийн оюутан 19 настай З.Номинзул оролцож байна.
Тэмцээний анхан шатны шалгаруулалт 11-р сарын 15-ны баасан гарагт болж, үндэсний хувцасны үзүүлбэрээ үзүүлсэн бөгөөд манай мисс З.Номинзул хүчирхэг, оюунлаг түүхэн хатны дүр төрхийг илэрхийлж, нум сум агсан тайзнаа гарч ирсэн. Түүнийг "Дайны цагт арми удирдаж, энхийн цагт мэргэн ухаанаар манлайлж чадах хүчирхэг эмэгтэй" хэмээн тайлбарласан юм.
“Miss Universe 2024” тэмцээний финалын шатны шалгаруулалт Мехико хотын 22 мянган суудалтай CDMX арена-д болсон бөгөөд Дани улсын мисс 21 настай Виктория Кьяр Теилвиг "Miss universe-2024" тэмцээний ялагч, ертөнцийн мисс боллоо.
"Miss universe-2024" тэмцээнд өмнө нь 18-28-ны насны эмэгтэйчүүд оролцдог байсан бол энэ удаа нас, биеийн жингийн хувьд өөр өөр буюу 18-аас 40 хүртэлх насны, 3-4 хүүхэдтэй сайхан бүсгүйчүүд оролцсоноороо онцлог болжээ.
Миссүүд нийгмийн сайн сайхны төлөө санаачилга гаргаж, бусдад нөлөөлөх ажлуудыг өрнүүлдэг уламжлалтай. "Miss universe-2024" тэмцээний оролцогч Аруба улсын мисс аутизмтай хүүхдүүдэд туслах, Бахрейны мисс ганц бие ээжүүдэд туслах, Тайланд, Гвиней улсын миссүүд ээжүүд, эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслах чиглэлээр сайн үйлсийн аян өрнүүлэхээ мэдэгдсэн байна. Мөн хэд хэдэн улсын мисс сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, энэ чиглэлээр сайн дурын ажил хийхээ илэрхийлжээ.