Энэ оны зургаадугаар сард болсон Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Клаудиа Шэйнбаум тангаргаа өргөлөө.
Мексик улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж буй нь энэ юм. Өдгөө 62 настай тэрбээр 58.8 хувийн санал авснаар ялалт байгуулж байв.
Тэрбээр тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ "Хэзээ нэгэн цагт хүйсээс үл хамааран өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх зорилготой олон эмэгтэйн дэмжлэгээр энэ суудалд гарч ирлээ" гэжээ. Мексик улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон нь "Мачо" соёлоороо алдартай, дэлхийн хоёр дахь том католик шашинтай улсын хувьд томоохон шинэчлэл болно гэж үзэж байгаа юм.
Шэйнбаум бензин, хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулах, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд бэлэн мөнгө тараах хөтөлбөрийг өргөжүүлэх, бизнесийн хөрөнгө оруулалт, орон сууц, зорчигч тээврийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих зэрэг олон амлалтыг өгсөн.
Эх сурвалж: АР