Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр 07:00-20:00 цагт болно.

Сонгуулийн ерөнхий хорооноос дээрх сонгуулиар ашиглах саналын хуудсыг танилцуулжээ. Сонгогч мандатын тооноос илүүгүй нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.


Санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж буюу саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгана. Улмаар дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно.

Мөн сонгогчийн нэрийн жагсаалт дахь мэдээллээ https://election.burtgel.gov.mn/  цахим хаягаар шалгахад санал өгөх байрыг заасан бий.

Ташрамд мэдээлэхэд, сонгогч саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах, саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх нь хориотой. Түүнчлэн аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглодог. Эдгээрийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (10 сая)-өөр торгохыг анхааруулж байна.