“Нарантуул” худалдааны төвийн хойд талд буюу “Мангасын ам” гэх газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ААНБ-ууд газар авч, орон сууц барьсны улмаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлт хийх боломжгүй болжээ.
Иймээс иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шинээр авто болон явган хүний замыг барихаар шийдвэрлэсэн байна.
Энэ хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын чөлөөлөлтийг эхлүүлж, холбогдох байгууллагаас холбоос замын зураг төслийг хийнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Дээрх байршилд явган хүний болон авто зам хийх төлөвлөгөөг төсвийн тодотгол тусгах,
- Тохижилтод анхаарал хандуулж “Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудтай зөвшилцөж, зарим хашааг буулгах ажлыг яаралтай гүйцэтгэх,
- Явган болон авто зам засварын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зураг, төсвийн талаарх танилцуулгыг даваа гарагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах
- Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу дээрх иргэдийг архины сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг өгчээ.