Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Мөнгө ба төлөөлөл” сэдэвт форум өнөөдөр /09:00-17:30 цагийн хороонд/ Новотел зочид буудлын хурлын танхимд болж байна.

Форум нь улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд үзүүлж буй үр нөлөөнд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй саад бэрхшээлүүдийг арилгах шийдлийн хувилбаруудыг хэлэлцэх, холбогдох талуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэн нөлөөллийн үйл ажиллагаа өрнүүлэх зорилготой.

Форумд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илэйн М.Конкиевич, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа, Ц.Мөнхцэцэг, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, МУИС-ийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай, "Сонгогчдын боловсрол төв"-ийн тэргүүн С.Оюунтуяа нарын эмэгтэй оролцож байна.

Дараах асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд:

  • Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлын ардчилал, төлөөлөлд үзүүлэх нөлөө
  • Эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад ээлтэй ус төрийн санхүүжилтийн боломж
  • Төсвийн санхүүжилт ба хүйсийн тэгш байдлыг дэмжсэн санхүүжилтийн хувилбар
  • Улс төрийн санхүүжилтийн хууль зүйн зохицуулалтыг сайжруулах санал