Жил бүрийн есдүгээр сард түгжрэл эрс нэмэгддэг. Түгжрэлийг бууруулж, өнөөдөр бүртгэлтэй автомашинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд нийслэлд одоо байгаа авто замыг гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Хот төлөвлөлтийн талаас Ийм бодит боломж байхгүй. Тиймээс ч нийслэлийн түгжрэлийн асуудлыг хүчээр гэхээсээ илүүтэй хотын иргэдтэйгээ хамтарч, үзэл санааны хувьд нягтарч шийдэх арга зам юу байгааг эрэлхийлж байна хэмээн хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.
Хотын дарга, Үүний тулд машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэе. Хүүхэд сургууль, цэцэрлэгээс зөөхөд эцэг, эхчүүд тохиролцоод ойрхон гэртэй хүмүүс нь ээлжилж авдаг хүмүүс бий. Одоо үүнийгээ улам бүр ойртуулж хөрш айлаараа, эсвэл хамт олноороо нэг нэгнээ замаасаа суулгаад ээлжлэн явдаг болбол зам дээрх машины тоо тодорхой хэмжээнд буурна. Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа ихэнх тээврийн хэрэгсэл нэгээс, хоёр зорчигчтой явж байгааг та бүхэн надаар хэлүүлэлгүй мэдэж буй биз ээ.
Мөн ажил гэр аль эсвэл гэр сургууль нь ойрхон, алхах боломжтой хүмүүс алхдаг соёл руу шилжье хэмээн уриалж байна. Унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглахыг уриалж байна. Миний энд дурдаад байгаа автомашинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж буй зэрэг нь нийлээд сүүлийн үед дэлхийн түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажил эхлүүлээд байна.
- Явган замыг засаж, сайжруулж байна. Энэ онд хот 27800 ам метр явган зам тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
- Хотын захуудад авто зогсоол олон байгуулж, менежмент хийнэ.
- Өнөөдрөөс нийтийн тээврийн автобусны тоог 109-өөр нэмж, өдөрт 1187 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Ирэх сард их багтаамжийн 31 автобус шинээр авчирна. Мөн зах, худалдааны төв рүү чиглэсэн нийтийн тээврийн тоог нэмлээ.
- Явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, ердийн хөсөгтэй болон явганаар зам хөндлөн гарч байгаа хүмүүст ээлтэй орчин бүрдүүллээ.
- Улаанбаатар хотын нийт авто замын 80 хувь засаж, шинэчлэх ажлаа үргэлжлүүлж байна.
- Зарим байршилд эргэлт гарц шинээр хийж, туслах замуудын тоог олшруулах гээд цөөнгүй ажил зохион байгуулж байна.
Дэд бүтцийн хүртээмжийг нэмж, орчин нөхцөлийг сайжруулахын хажуугаар захиргааны зарим арга хэмжээг зайлшгүй авч таарна. Тухайлбал,
- Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууссан.
- Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.
- Мөн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
- Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
- Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна.
Үүний дээр төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг түгжрэлийг бууруулах аянд нэгдэж, санал болгож байгаа зүйл бол ажилчдын автобусыг биднээс авч төлбөртэйгээр хэрэглээч гэж байгаа юм. Автобусны парк шинэчлэл дуусаж байгаатай холбоотойгоор өмнө хэрэглэж байсан шинэвтэр автобуснуудыг ажилчдын автобус хэлбэрээр явуулж замын хөдөлгөөнд нэгэн зэрэг олон машин оролцохоос сэргийлэх боломж бас үүслээ. Энэ тал дээр хувийн хэвшлийн томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан оролцоно гэдэгт найдаж байна.
Зөвхөн олон нийтийн хичээл зүтгэлээр түгжрэлийн асуудалтай тэмцэх гэж байна гэж битгий ойлгоорой. Энэ бол түр зуурын арга хэмжээ ч цаашид хэрэгжүүлж хэвшвэл мөнхүү хотын соёл билээ. Бид бүхний хувьд метроны төслөө гараанаас нь гаргаж зөвлөх компаниа сонгон шалгаруулаад байна. Тойрог хурдны замын төслийн ажлыг эхлүүллээ. Cable car буюу дүүжин тээврийг Францын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр хоёр тал ажлаа эхлүүлээд байна.
Төмөр замын огтлолцлын нүхэн гарцуудыг орчин үеийн жишигт нийцүүлэн шинээр байгуулах ажлуудыг ч хэрэгжүүлж эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ. Хүн нэг бүр Улаанбаатар хотоо өөрийн гэр, энд амьдарч буй ах дүүсээ гэр бүлийн гишүүн мэт санаж, дор бүрнээ ухамсарлан хичээвээс хүндрэл бэрхшээлтэй цаг үеийг туулан гарахад улам амар болох билээ хэмээн нийслэлчүүддээ уриалсан байна.