Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны зарим хүмүүс үдэж мордуулав.

Энэ удаагийн айлчлал Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж байгаагаар онцлог бөгөөд айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар хооронд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо. 

Эх сурвалж: ГХЯ