Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан /2024-08-31/ болов. 

Энэ оны наймдугаар сарын 14-ний Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор тус зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэн баталж, 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулан парламентад өргөн барьсантай холбогдуулж тус зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа.

Хуралдааныг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 36 их наяд төгрөг байсан, 75 их наяд болж тэлээд байна. Ирэх онд үүнийг 95 их наядад хүргэх замаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 7500 ам.доллар болгох боломжтой. Энэ үзүүлэлтийг богино хугацаанд 10 мянган ам.долларт хүргэхийн төлөө Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэхээ илэрхийлэв.

Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байгааг онцоллоо.

Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Монголын эдийн засаг, санхүү, бизнесийн салбар болон төр, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл хуралдааны үеэр 2025 оны төсвийн төсөлд байр сууриа илэрхийлэв.

Эх сурвалж: Засгийн газар