Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс гэрийн даалгаврын хугацааг суралцагчийн нас, анги, түвшний болон судлагдахууны сургалтын хөтөлбөрийн зорилт, бүлэг дүүргэлт, багшийн ачааллыг харгалзан боловсруулсан зөвлөмж 2024 оны наймдугаар сарын 27-ны өдөр гаргажээ. 

Гэрийн даалгаврын зохистой хугацааг тогтоож өгөх нь суралцагчдын сахилга бат, цагийн менежментийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, сурлагын амжилтыг ахиулах, эзэмшсэн чадамжийг бататгах, сургууль, эцэг эх, асран хамгаалагч хоорондын харилцаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 

Зөвлөмжид гэрийн даалгавар хийх хугацаа: 

  • I-II ангид- 20-30 минут
  • III-V ангид- 30-40 минут
  • VI-VII ангид- 50-60 минут
  • VIII-IX ангид- 60-70 минут
  • X-XII ангид- 80-90 минут байх нь тохиромжтой гэж тусгажээ.

Стэнфордын их сургуулиас хийсэн судалгаагаар гэрийн даалгаварт гурван цаг болон түүнээс дээш хугацаа зарцуулснаар ахлах ангийн сурагчид стресст өртөх, нойргүйдэх, толгой, ходоод өвдөх зэрэг эрүүл мэндийн асуудалтай болох эрсдэлтэйг анхааруулсан байна.