Боловсролын сайдын шуурхай хуралдааны үеэр энэ хичээлийн жилээс эхлэн 44-өөс дээш сурагчтай 1, 2 дугаар ангид туслах багш ажиллуулах асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийн дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулж байна.
Эхний жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд сэлгэх юм.
Мөн хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах, багшийн ачааллыг бууруулах хүрээнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 44-өөс дээш сурагчтай 1, 2 дугаар ангид туслах багш ажиллах боломжтой. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” хэмээн заасан байдаг.
Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмыг яаралтай батлан албажуулах, гэрээт багш ажиллуулахтай холбогдох журам боловсруулах үйл явцыг шуурхайлах зэргийг даалгалаа.
Эх сурвалж: Боловсролын яам