Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр (2024.08.22) Төрийн ордонд эхэллээ. “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт энэхүү чуулганд 15 гаруй улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дэд дарга, сайд нар, бусад 20 орчим салбарын эмэгтэйчүүд оролцож байна. Чуулган Улаанбаатар хотноо энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэхүү чуулганы үр дүнд үндэслэн “Тогтвортой ирээдүйн төлөө Улаанбаатарын тунхаглал” батлах юм.
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгний ОНЦЛОХ эшлэл:
- Энэ чуулга уулзалт 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд болж байгаа хамгийн өргөн цар хүрээтэй чуулга уулзалт,
- Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганаас гарах “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” нь охид, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, байр суурийг улам бэхжүүлнэ,
- Манай улсын бүх шатны боловсрол олгох сургалтад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс олон хамрагддаг ч эдийн засаг, нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх шаардлагатай,
- Монгол Улс салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөл бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэхийг зорьж байна,
- Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүн эрх тэгш хэмээн үзэж, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс,
- УИХ-д 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт,
- Хэрэв улс орнууд жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой,
- Эрс тэс уур амьсгалтай манай орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг. Агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр гэсэн үг юм,
- Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилт, шороон шуурга, ган зуд нь уламжлалт мал аж ахуйд хүндээр тусч, нүүдлийн соёл иргэншлийг хадгалан хамгаалахад томоохон сорилт болж байна.
- Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахаар “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” хөдөлгөөн өрнүүлж байна,
- Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гамшигт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгдэж, жил бүр нийт хүн амын найман хувийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлж, ДНБ-ий 0.6 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учруулдаг,
- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж чадахгүй бол 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй,
- Охид, эмэгтэйчүүдийн боловсрол, ур чадварыг сайжруулах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нэг гол чиглэл