Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, “Тендер шалгаруулалтыг тухайн аргаар хоёроос доошгүй удаа зарлахад нэг ч тендер ирээгүй бол төрийн болон орон нутгийн өмчит, эсвэл өмчийн оролцоотой хуулийн этгээдээр тухайн худалдан авах бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж болно” гэж тусгасан байна. Хэрвээ хувийн хэвшлээс тендерт санал ирүүлээгүй бол төрийн өмчит компани ашиггүй ч байсан хийж гүйцэтгэнэ гэсэн үг үү. Бид төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулъя, ашгийн төлөө байх ёстой, менежментийг нь шинэчилье гэж зорьж байгаа. Энэхүү заалт үүнтэй зөрчилдөхгүй юу хэмээн асуусан.
Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуульд орж байгаа өөрчлөлтөөр төрийн өмчит компанийг хувийн хэвшилтэй өрсөлдүүлэх гэж байгаа юм биш. Төсвийн орон зай, нэг төгрөг болгон үнэтэй. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй төсөл сайн гүйцэтгэлтэй байснаар үр дүн гарах учиртай. Зарим тендерт аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй. Зарим нь ажлыг гүйцэтгэж дийлэхгүй байдаг бол зарим нь төсөвт өртөг нь бага учир алдагдалд орох эрсдэлтэй гэж үзэн тендерт оролцдоггүй.
Дэд бүтцийн чиглэлийн жижиг тендер зарлахад аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд цэцэрлэг барих тендерийг хэд хэдэн удаа зарласан ч оролцох аж ахуйн нэгж гарч ирээгүй. Ийм тохиолдолд орон нутгийн болон төрийн өмчит компаниуд эдийн засгийн ашиггүй ч, ажилчдынхаа цалинг тавиад явж болохоор байна гэж үзэн тэрхүү ажлыг авч гүйцэтгэх тохиолдол бий.
Түүнээс биш төрийн өмчит аж ахуйн нэгжийг хүчээр тулгаж ажил гүйцэтгүүлдэггүй. Дэд бүтцийн чиглэлийн жижиг тендер зарлахад аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй. Гэтэл хуулиараа нийслэлийн өөрийнх нь тусгай зөвшөөрөлтэй компаниуд хийх боломжгүй байх жишээтэй. Хоёр удаа тендер зарлахад хагас жилийн хугацаа алддаг. Тиймээс энэ заалтыг хуулийн төсөлд оруулсан. Хувийн аж ахуйн нэгжүүд тендерт оролцож байхад төрийн компани ажлыг нь булааж байгаа асуудал байхгүй гэжээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.