УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хуулийн төслийг хэлэлцэж байна. БХБ-ын сайд Ц.Даваасүрэн хуулийн төслийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулав.
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн:
-Ипотекийн зээл авсан 104 мянган иргэний сарын дундаж орлого 2 сая болон түүнээс дээш төгрөг байжээ. Үүнээс бага орлоготой иргэд зээл авч чадаагүй тул цаашид бага орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно.
Төрийн орон сууцны корпорац хамгийн хямд үнээр орон сууц барина. Зарим байрыг ахмадууд, залуу гэр бүлүүдэд түрээслүүлнэ. Манай улсад 302 мянган өрх орон сууцанд амьдарч байна. Харин 279 мянган өрх гэр хороололд амьдардаг.
Нийслэлд 216 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Тэд ипотекийн зээл авах нөхцөлийг бүрдүүлэх нь энэ хуулийн зорилго юм.
Барилгын компаниуд газраа худалдан авч, ашгаа шингээгээд байраа худалддаг. Харин Төрийн орон сууцны корпорацад төрөөс газрыг үнэ төлбөргүй олгох тул байрны үнэ нь нэг метр кв нь 2 сая төгрөг орчим байх болов уу. Хамгийн хямдаар яаж барих уу гэдэгт их анхаарна. Төрийн албан хаагчид мөн энэ байрнаас авна. 30-40 м кв гэх мэт жижиг талбайтай байрууд барина.
Орон сууцны нийлүүлэлтийг валютын нөөцтөйгээ уялдуулах хэрэгтэй. 2012 онд тэгж чадаагүй тул валютын нөөцөө гадагш гарган, барилгын материал худалдан авахад зарцуулсан. Одоо манай улсын гадаад валютын нийт нөөц 4.9 тэрбум ам.доллар байна. Иймд нөөцөд сөргөөр нөлөөлөхгүй. Монголбанк үүнд анхаарна. Нийт 10 мянган өрхөд энэ зээлийг олгоно гэж тооцоолж байна. Банкуудад нийт 20 мянган хүн их наядаар хэмжигдэх хэмжээний зээл авах зээлийн хүсэлтээ өгчээ. Тэгэхээр тэдний тал нь энэ онд зээл авна. Цементийн импортын татварыг 5 хувь болгосон тул цементийн үнэ өсөхгүй, хомстол үүсэхгүй. Тэгэхээр байрны үнэ ч өсөхгүй.
Орон нутагт 100 суманд орон сууц барина. Эдгээр нь дэд бүтэцтэй буюу цахилгаан дулааны хангамжтай сумд юм. Энэ ажилд нийт 100 тэрбум төгрөг зарцуулна. Энэ онд 2000 орчим иргэн ипотекийн зээл авсны 40 хувь нь орон нутгийн иргэд байна. Одоо 6 аймагт цэвэрлэх байгууламж барьж байна. Харин нийслэлд шинэ байр барихад хамгийн хүндрэлтэй.
Түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгоно гэв. Энэ хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг маргааш өглөө 10.00 цагт шийдвэрлэхээр тогтлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.