Жуулчдын ихээр очиж, Фүжи уулын өмнө зургаа даруулдаг “алдарт” цэгт торон хаалт суурилуулах ажлыг эхлүүлээд байна.
Тодруулбал өнгөрсөн сарын сүүлээр Японы Фүжикавүчико хотын захиргаанаас Фүжи уулын зураг дарах “алдарт” цэгт уулын барааг хааж, торон хаалт хийхээр болсноо мэдэгдсэн.
Хэт их жуулчин ирж, замбараагүй хогоо хаях, бөөгнөрөл үүсэж буйтай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэсэн юм.
Энэ хүрээнд 2.5 метр өндөр, 20 метр урттай торон хаалтыг босгож байгаа аж. Фүжи уулын зургийг хамгийн гоёор дарах хэд хэдэн цэг Фүжикавүчико хотод байдаг. Харин дээрх зурагт харагдаж байгаачлан Японы Lawson сүлжээ дэлгүүрийн ард уулын бараа харагдах энэ байршил жуулчдын дунд хамгийн алдартай нь юм.
Цар тахлын дараа аялал жуулчлал сэргэсэн, иений ханш суларсан зэрэг нь Япон улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлсэн. Тодруулбал энэ оны 3-4 дүгээр сард гурван сая гаруй жуулчин хүлээн авчээ.
Эх сурвалж: ВВС