Өнөөдөр өглөө Тайванийн эрэг орчим 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Япон улсын Окинава мужийн өмнөд эрэг орчимд гурван метрийн өндөртэй цүнами үүсэж болзошгүйг анхаарууллаа.

Урьдчилсан тооцооллоор гурван метр өндөртэй цүнами гэж байгаа ч үүнээс нэмэгдэж болзошгүйг цаг уурын байгууллагаас мэдээлж байна. 

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас Тайпэй хотын хэд хэдэн газар цахилгаан тасарсан хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ. 

Энэ оны эхээр мөн Японы төв хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, Ишикава мужийн Ното хотод цунамигийн түгшүүр зарлаж байв. Уг газар хөдлөлтийн улмаас 244 хүн амь үрэгдсэн. 

Японы цаг уурын байгууллагын мэдээлснээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Иватэ мужид мөн зургаан магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. 

Дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсүүдийн нэг нь Япон юм. 

Эх сурвалж: The Japan Times