Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэмлээ. Ингэснээр: 

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр
 
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.5.5-д “цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 3.1.5-д “нийгмийн даатгалын сангийн болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшин болон хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан.
 
Энэ хүрээнд Засгийн газраас нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 9 жилийн дараа шинэчлэн баталж, тэтгэврийн хэмжээг хэрэгжүүлсэн.
Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2020 онд 25.0-40.0 мянган төгрөгөөр, 2022 онд 15-43 хувиар, 2023 онд 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн.
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100.0 мянган төгрөгөөр нэмлээ.
Энэхүү арга хэмжээнд 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдаж 449.3 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 байгааг 785.6 мянган төгрөгт хүргэж 14.6 хувиар нэмэгдүүлж байна.
Түүнчлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550.0 байгааг 650.0 мянган төгрөгт, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 440.0 байгааг 540.0 мянган төгрөгт хүрнэ.
Дундаж тэтгэврийн хэмжээг 2019 (372.5 мянган төгрөг) онтой харьцуулахад 2.1 дахин өсөж байна.
 
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж
 
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгодог бөгөөд энэ тэтгэмжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагддаг.
 
Энэхүү нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2020 онд 100 мянган төгрөгөөр, 2023 онд 12.8 хувиар тус тус нэмэгдүүлж байсан бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 15.4 хувь буюу 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 375 мянган төгрөг болголоо. Тэтгэвэр, мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2019 (174.0 мянган төгрөг) онтой харьцуулахад 2.1 дахин нэмэгдэж байна.
 
Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэний тэтгэмж 2020 онд 84.5 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэний тэтгэмж 123.1 мянган төгрөг байсныг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2-3 дахин нэмэгдүүлж 275 мянган төгрөг болгосон. Энэхүү тэтгэмжийг мөн энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувь нэмэгдүүлж 302.5 мянган төгрөг болголоо. Энэхүү арга хэмжээнд 67.4 мянган хүн хамрагдана.
 
Монгол Улсын 2024 оны төсөвт нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд зориулж 60.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг баталсан гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.