НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт хуралдаж, Газын зурваст дайн хийж буй Израил, Хамасын талуудыг галаа зогсоохыг шаардсан тогтоолыг батлав.

Уг тогтоолд санал хураахад АНУ түдгэлзсэн хариу өгсөн бол зөвлөлийн үлдсэн 14 гишүүн тогтоолыг дэмжсэн байна. Мөн тэд барьцааны иргэдийг ямар ч нөхцөлгүйгээр шууд суллахыг шаарджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш цахим сүлжээнд “Энэ тогтоолыг заавал хэрэгжүүлэх ёстой” хэмээн нийтэлсэн байна.

АНУ тогтоолыг батлахад ямар нэг хориг тавиагүй нь Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн дургүйцлийг хүргэв.

Тэрбээр “АНУ-ын уг шийдвэр өмнөх байр сууриасаа “илт ухарсан” шийдвэр байлаа” хэмээн мэдэгдэв.

Улмаар Израилын цэргийн ажиллагааны талаар өндөр түвшний төлөөлөгчидтэй хэлэлцэх Вашингтон дахь уулзалтаа хүртэл цуцалжээ.

Өмнөх санал хураалтуудад АНУ "Израил, Хамасын хооронд эвлэрэх, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээ үргэлжилж байхад ийм тогтоол батлах нь буруу" хэмээн хориг тавьж байсан юм. 

Эх сурвалж: Reuters