АНУ-ын Төлөөлөгчдийн танхим “ТикТок” платформыг АНУ-ын нутаг дэвсгэрт хориглох нөхцөлтэй хуулийн төслийг дэмжжээ.

Тодруулбал тус платформыг эзэмшигч “ByteDance” компанийг хяналтын хувиа зургаан сарын дотор зарахыг шаардсан. Эс бөгөөс АНУ-д “ТикТок”-ыг бүрэн хориглох тухай хуулийн төсөл юм.

Хэдийгээр Төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг дэмжсэн ч Сенатын танхим мөн хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгч баталснаар хүчин төгөлдөр болно.

АНУ-ын хууль тогтоогчид эртнээс л “ТикТок” платформоор дамжих Хятадын нөлөөнд санаа зовж байсан.

Хятадын компаниуд Үндэсний аюулгүй байдлын хуулиараа Засгийн газраас хүсэлт тавьсан тохиолдолд хэрэглэгчдийн дата мэдээллийг хуваалцах шаардлагатай болдог.

АНУ-ын 150 сая хүн “ТикТок” платформыг ашигладаг бөгөөд дээрхийн адилаар хэрэглэгчдийн мэдээллийг хуваалцах боломжтой гэж үзэж байгаа юм.

"ByteDance" компани хяналтын хувиа зарахыг зөвшөөрсөн ч худалдан авах компаниудын хөрөнгө, санхүүжилт гол асуудал болно. Өдгөө "ТикТок"-ын үнэлгээ 268 тэрбум ам.долларт хүрсэн учир хөрөнгө оруулагчид энэ их үнээр авах эсэх нь баталгаагүй. 

Эх сурвалж: ВВС