Оскарын шагналт “Ла Ла Ланд” киноноос сэдэвлэсэн “Ла Ла Ланд” медиа арт балетыг эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Корпорэйт конвейншн центр”-т гуравдугаар сарын 10-нд ганцхан удаа тоглох гэж байна. Damien Chazelle -ийн “La La Land” мюзикл киноны хөгжмийг албан ёсны эрхтэй, шинэ найруулгатайгаар балет, медиа арт, цирк, драм гэсэн төрлийг нэгтгэн видео эффект, 3D виртуал орчин, холлограм хослуулсан медиа арт энтертайнмент балетын жүжгийн ерөнхий найруулагчаар балетын жүжигчин, багш Ц.Цолмонбуд ажиллажээ. 90 минут үргэлжлэх энэхүү балетын жүжигт дэлхийд алдартай хийл хөгжимчин болохыг мөрөөдөж явсан гол дүрийн залуу өдөр тутмын нэгэн хэвийн уйтгарт амьдралаасаа залхаж, гэгээлэг залуу насаа дурсах дурсамж болон түүний хайртай эмэгтэйн тухай, тэдний мөрөөдөл, хайр, хүсэл тэмүүллээр дүүрэн байсан "Гайхамшигт өдөр"-ийн тухай өгүүлэх юм.
Ла Ла Ланд балетад Солонгосын алдарт балетчин Чон Хэ Юн болон Монголын шилдэг балетчид тоглож, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эрхэмсэг бүсгүйчүүддээ, мөн гадны жуулчдад хайрын хамгийн төгс мэдрэмжээр бэлэг барихаар төлөвлөжээ.
“La La Land ” медиа арт энтертайнмент балетын жүжгийн хөгжмийн найруулагчаар Б.Одбаяр, гол дүрд Монгол, БНСУ-ын шилдэг уран бүтээлчид тоглоно.
Ирээдүйн гайхамшигт өдрүүдийг бүтээхийн тулд эцэс төгсгөлгүй үргэлжлэх цаг завгүй, нэгэн хэвийн өдөр тутмын ажил амьдралдаа түүртэн буй залуучуудад “La La Land” балетын жүжгээрээ дамжуулан таны гайхамшигт өдөр ирээдүйд биш, өнөөдөр яг одоо гэдгийг харуулахыг зорьжээ.
“Элит балет” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, найруулагч, Монгол, Япон, БНСУ-ын балетын тэргүүн гоцлооч, Ц.Цолмонбуд нь энэхүү балетын бүжгэн жүжигт дижитал инновац шингээн дэглэн найруулснаараа олон улсад балетын урлагийг медиа арт урлагтай хослуулсан анхдагч уран бүтээлч болсон нь гол онцлог юм.
Ерөнхий найруулагч бүжиг дэглээч Ц.Цолмонбуд нь УДБЭТ-ын гоцлол бүжигчнээс эхлэн 2006-2007 онд Япон улсын NBA балет ХХК-ийн гоцлол бүжигчин, 2007-2015 онд БНСУ-ын Чүгннам Их Сургуулийн балетын багш, 2011-2014 онд БНСУ-ын И Вон Гүг балетын компанид тэргүүн гоцлооч (principal dancer), 2015-2018 онд БНСУ-ын “Gwangju city” балетын компанид тэргүүн гоцлооч (principal dancer, 2017 оноос Солонгос улсад “Elite” балет компани болон “Elite” балетын сургуулийг үүсгэн байгуулагч, Уран сайхны удирдагч, найруулагчаар ажилласан туршлагатай. 2018 оноос Монгол Улсдаа “Элит балет” компаниа байгуулан найруулагчаар нь ажиллаж буй юм. Тэрбээр П.И.Чайковский “Хунт нуур” балетын Зигфрид, Алиа салбадай, Па-дэ-труа, “Щелкунчик” балетын Ханхүү зэрэг 20-иод бүжгэн гол болон туслах дүр бүтээсэн уран бүтээлч бөгөөд олон шинэлэг тоглолтуудыг зохион байгуулж, сонгодог урлагт хайртай үзэгчдэдээ бэлэг барьжээ. Тухайлбал, 2014 онд БНСУ-ын “Little ballet” компанийг Монголдоо урьж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан үнэ төлбөргүй тоглолт зохион байгуулсан.
2018 онд БНСУ-д Япон болон Солонгос улсад ажиллаж буй Монголын балетын бүжигчидтэй хамтран, Элит балет компанийн нээлтийн “1st Elite Ballet Gala” тоглолтыг зохион байгуулж, найруулсан. 2019 онд БНСУ-д Монголын үндэсний хөгжмийн “Жонон” хамтлагтай хамтран “Music + Ballet (#1)” тоглолтыг зохион байгуулж, найруулжээ. 2019 онд БНСУ-д П.И.Чайковский “Щелкунчик” бүжгэн жүжгийг дэглэн найруулан тавьсан бөгөөд хамгийн сүүлд 2023 онд Монгол Улсын БОАЖЯ-ны санаачилга, дэмжлэгтэйгээр НЗДТГ-тай хамтарч, Ромын папын Монгол Улсад хийсэн айлчлалд зориулан Сүхбаатарын талбайд "Lala Land”медиа арт энтертайнмент балетын жүжгийг зохион байгуулсан нь үзэгчдийн сонирхлыг татсан тоглолт болжээ. Мөн 2023 онд БНСУ-д "Lala Land” медиа арт энтертайнмент балетын бүжгэн жүжгээ тоглосон байна.