• Олон улсын олимпын хорооноос Оросын олимпын хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүллээ
  • Орос, Беларусийн тамирчид Парисын олимпод оролцохгүй

Оросын холбооны улсын олимпын хороо буюу ROC энэ сарын 5-д Украинаас эзэлж авсан дөрвөн мужийн олимпын хороог өөрийн гишүүн байгууллага болгож буйгаа зарласан. Үүнд ОХУ-Украины дайнд нэрвэгдсэн Луханск, Донецк, Керсон, Запорожье мужууд багтсан юм.

Энэ явдалтай холбогдуулан Олон улсын олимпын хорооноос (IOC) мэдэгдэл гаргаж ОХУ-ын олимпын хорооны үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр боллоо.

Тодруулбал, ОУОХ цаашид ROC-д ямар нэг санхүүжилт өгөхгүй бөгөөд өөрийн гишүүн байгууллага гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

Энэ шийдвэр олон улсын тэмцээнд төвийг сахиж оролцох Оросын тамирчдад нөлөөлөхгүй боловч Оросын паспорттой тамирчдын 2024 оны Парисын зуны олимп, 2026 оны Миланы өвлийн олимпод хэрхэн оролцох талаар хэлэлцэнэ гэв.

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 15-17-ны хооронд Энэтхэгийн Мумбай хотноо хуралдана.

ОХУ Украин руу довтолсны дараа ОУОХ-оос Орос болон Беларусийн тамирчдыг өөрийн туг, далбаан дор олон улсын тэмцээнд оролцохыг хориглоод байсан юм.

Харин одоо тус хоёр улсын тамирчид хоёр олимпод туг, далбаагүй өрсөлдөх нөхцөл үүслээ.

Эх сурвалж: IOC, AlJazeera