АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Израил улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр тэрбээр Палестины ХАМАС бүлэглэлийн Израил руу хийсэн дайралтыг 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагатай зүйрлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен айлчлалын төгсгөлд Израилд хийсэн айлчлалынхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Израил болон ХАМАС-ын хоорондох мөргөлдөөнийг улам даамжруулахгүйн тулд АНУ боломжтой бүх зүйлийг хийх болно. Түүнчлэн тэрбээр бүлийн гишүүд нь зэвсэгт бүлэглэлийн гарт барьцаалагдсан Америкийн иргэдтэй уулзаж, тэднийг суллахын тулд АНУ-ын эрх баригчид боломжтой бүхнийг хийж байна гэлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Блинкен "Би та нарын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувьд төдийгүй еврей хүний хувьд зогсож байна. Миний өвөө Морис Блинкен Оросоос АНУ руу цагаачилсан. Миний хойд эцэг Самуэль Писарь Освенцим, Дахау, Мажданек зэрэг хорих лагерьд хоригдож, тамлагдаж байсан ч амьд гарч чадсан хүн. ХАМАС бүлэглэлийн халдлага Израил төдийгүй дэлхий нийтэд тархан суугаа еврейчүүдэд ямар аймшигтай, хүнд тусаж байгааг ойлгож байна" гэв.
Түүнчлэн ХАМАС-тай тэмцэх зорилгоор Израилд онцгой байдлын засгийн газар байгуулсныг Антони Блинкен сайшаалаа.
ХАМАС бүлэглэл өнгөрсөн бямба гарагт Израил руу гал нээсэн. Өнөөдрийн хүртэл үргэлжилж буй зэвсэгт халдлагын улмаас 1300 хүн амиа алдсан талаар Израилын Кан ТВ суваг мэдээлсэн байна. Үүний хариуд Израилын эрх баригчид 2.3 сая хүн амтай Газын зурвасыг бүрэн бүслэлтэд аваад буй. Ойрхи Дорнодын мөргөлдөөний 75 жилийн түүхэн дэх хамгийн хүчтэй цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Газын зурвасаас ирж буй мэдээллээр бөмбөгдөлтөд 1354 палестин хүн амиа алдаж, 6000 гаруй иргэн шархадсан байна.
Эх сурвалж: VOA