Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажилд стандартыг хангуулах үүднээс зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Хотын стандарт, хяналтын газрын Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга О.Оджаргал болон төсөл, арга хэмжээнд сонгон шалгарсан гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцсон.
Хотын стандарт, хяналтын газраас комисс ажиллахад нийтлэг гардаг алдаа дутагдлыг засах, шинээр батлагдсан Хотын стандартыг мөрдлөг болгох талаар зөвлөгөө өгсөн. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан нар 2022 онд хэрэгжүүлэхэд гарсан алдаа дутагдал, засах шаардлагатай ажлын талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн оны хувьд
- Явган хүний зам дээр гэрэлтүүлгийн шон суурилуулсан
- Шинээр шон суурилуулахдаа айлын эзэмшлийн хашаанд суурилуулсан
- Гэрэлтүүлгийн тэжээлийг цахилгаан техникийн нөхцөлийн дагуу холбоогүй
Зэрэг 11 төрлийн нийтлэг алдаа дутагдал гарсан.
Тиймээс дүүргийн хэмжээнд хийгдэх гэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, өмнөх жилүүдэд гарсан алдаа дутагдлыг арилгах, гаргахгүй байх үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцолсон. Мөн ажилдаа сэтгэлээ зориулан, чанартай хийж гүйцэтгэхийг төсөл, арга хэмжээнд сонгон шалгарсан гүйцэтгэгч компанийн төлөөллүүдэд анхаарууллаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.