Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн ажлыг эхлүүлээд байна.

Иргэд олон жилийн өмнө автомашин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг. Ингэснээр нэг талаас тээврийн хэрэгслээ худалдсан иргэн дээр татвар, торгуулийн өр төлбөр үүсэх эрсдэлтэй байдаг.

Нөгөө талаас тухайн тээврийн хэрэгсэл худалдаж авч байгаа иргэний өмч биш тул аль аль талдаа хохирол дагуулдаг. Иймд тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд идэвхтэй оролцож, хариуцлагатай хандахыг Автотээврийн үндэсний төвөөс уриалж байна.

Мөн эзэмшигч тээврийн хэрэгслээ огт ашиглахгүй байгаа бол улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулах үүрэгтэй гэдгийг сануулж байна.

Шинэчилсэн бүртгэл ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд бүртгэлээс хасах ажлыг хялбар байдлаар зохион байгуулах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журман”-ндаа өөрчлөлт оруулжээ.

Ингэснээр өмнө нь иргэд хүсэлт, татвар, торгууль төлсөн баримт, гэрчилгээ, улсын дугаар хураалгаж үйлчилгээний хөлс төлдөг байсан. Харин дээр хугацаанд зөвхөн хүсэлт аваад л тээврийн хэрэгслийг хасах ажлыг түргэн шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Энэ нь татвар торгуулийг тэглэж байгаа биш, харин татвар, торгуулийн өр үүссэн байсан ч бүртгэлээс хасах үйлчилгээг үзүүлнэ. Харин үүнээс хойш өр, төлбөрөө төлөх боломжийг олгож байгаа юм байна.

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс бүртгэл, үйлчилгээ, дугаар олгох, техникийн өөрчлөлтийг бүртгэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, лавлагаа мэдээлэл өгөх, улсын бүртгэлээс хасах зэрэг олон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, нийслэлийн 16 салбар, 21 аймгийн 23 салбараар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг.

Эх сурвалж: АТҮТ