АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Энэтхэгийн Дели хотноо болсон "Их 20"-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр 10 минут орчим ярилцжээ. Энэ нь Украины дайн эхэлснээс хойших тэдний анхны уулзалт юм.
Энэ үеэр Блинкен Лавровт Америк Украинд чадах чинээгээрээ туслахаар зорьж буйгаа дахин хэлжээ. Мөн ОХУ START /Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээ/ гэрээгээ даган мөрдөж, Орост хоригдож буй АНУ-ын иргэн Пол Уиланыг суллах хэрэгтэй гэж хэлсэн байна.
Энтони Блинкен "Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын чуулганд олон улсын гадаад хэргийн сайд нарын ярьсан зүйлсийг би өнөөдөр ч түүнд хэлсэн. Энэ түрэмгийллийн дайнаа зогсоож, шударга, тогтвортой байдлыг бий болгох ач холбогдолтой хэлэлцээ хийх хэрэгтэй гэсэн" хэмээн уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлжээ.
ОХУ-ын албан ёсоор татгалзсан стратегийн довтолгооны зэвсгийн гэрээний тухайд Блинкен Лавровт АНУ хүйтэн дайны үед ЗХУ-тай харилцаж байсан шиг гадаад нөхцөл байдлаас үл хамааран цөмийн зэвсгийг хянах чиглэлээр хэлэлцээ хийж, ажиллахад бэлэн байна гэж Блинкен хэлжээ.
Их 20-ийн уулзалтын эхэнд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди санал зөрөлдөөнөө түр орхихыг хүссэн байна. Нарендра Моди "Бид дэлхий дахинд гүнзгий хагарал үүссэн цаг үед уулзаж байна" гэж хэлээд сайд нарыг үг хэлээ олохыг уриалжээ.
Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррелл уулзалтын өмнөхөн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Энэ дайныг буруушаах ёстой. Энэтхэг дипломат харилцаагаа ашиглан ОХУ-д энэ дайн дуусах ёстой гэдгийг ойлгуулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Эх сурвалж: ВВС