Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Тяньжин Порт групп ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо.

Энэ үеэр С.Бямбацогт сайд "Монгол Улс далайд гарцтай болох бодлогыг дэмжин, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төсөл нь 2004 оноос хойш урагшлаагүй  байна. Тиймээс төслийг нэн шуурхай эхлүүлэх шаардлагатай. Үүний тулд “Монголиан порт групп" ХХК-ийн дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулахыг 2023 оны эхний хагаст багтаан шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтанд өгсөн. Хамгийн чухал нь төслөө бодит, үр дүнтэй ажил болгох ёстой" гэв.

Тус төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын экспорт, импортын ачааны тээвэрлэлтийн хугацаа, зардал багасах ач холбогдолтой юм. 

БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг.